МОНГОЛ ОРНЫ АМАРЫН ШОНХОРЫН СУДАЛГАА
Монгол ба Германы хамтарсан хээрийн судалгааны ажил 1967 оноос Германы Halle-Wittenberg Их Сургууль ба Монгол Улсын Их Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу эхэлсэн түүхтэй. Монгол орны биологийн төрөл зүйлийг судлах, хамгаалах ажилд Германы Халле-Виттенбергийн Их Сургууль, Амьтан судлалын Хүрээлэнгийн профессор Micheal Stubbe 1962 оноос хойш ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.
Дээрх хоёр их сургуулийн судлаачид Монгол орны ховор амьтдын судалгаа ба хамгаалалд амжилттай хамтран ажиллаж ирлээ. Германы судлаачид Монгол талаас хамтран ажиллах проф. Д.Сумъяа, Н.Батсайхан нарыг 1999 ба 2001 онд, Д-р. С.Гомбобаатарыг 2000 ба 2002 онд Германд урьж, эрдэм шинжилгээний өгүүллэг хамтран бичих, өгөгдөл боловсруулах, мэдлэг, мэдээллээ солилцоход ихээхэн анхаарав. Prof. М.Stubbe-ийн урилгаар Германы шувуу бөгжлөлийн төвд С.Гомбобаатарын 2000 онд ажилласан нь Монгол оронд энэ чиглэлийн судалгааг эхлүүлэхэд онцгой нөлөө үзүүлсэн билээ.
![]() Амарын шонхорын хээрийн судалгааны бүрэлдэхүүн Баруун гараас: Д-р. С.Гомбобаатар, Johannas (Герман), Sabine (Герман), проф. Д.Сумъяа (МУИС), Prof. M.Stubbe (Герман), Аззаяа (МУИС) |
Германы хамтын ажиллагааны хөтөлбөр (DAAD)-ийн санхүүжилт, дэмжлэгээр Prof. M.Stubbe ба Монголын судлаачид хамтран Монгол орны хойд хэсэгт Амарын шонхор Falco amurensis-ын судалгааг 1997-2003 онд амжилттай гүйцэтгэв. Судалгааны үр дүнд хоёр орны залуу судлаачид энэ зүйл шонхорыг судлан, хамгаалахад идэвхтэй ажилласнаас судалгааны арга туршлага, мэдээллээ солилцов. 1997-2002 онд Германаас Sabine Schaefer, Axel Shoenert, Tobais Stenzel зэрэг судлаач, оюутнууд хүрэлцэн ирж, Амарын шонхорын судалгааг хамтран гүйцэтгэлээ. Судалгааны талбай болох Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт Амарын шонхорын 60 гаруй хос, шууман шонхорын 10 гаруй хос, начин шонхорын 10-аас цөөн хосыг олж, судалгааг хийлээ. Энэ нутаг нь манай орны жижиг биетэй шонхорын судалгааг хийхэд нэн тохиромжтой нутаг юм. Эдгээр шонхор нь Сэлэнгэ голын дагуух бургас, нарс мод дээрх алаг шаазгай, хар хэрээний хаягдсан болон тухайн жил ашиглаагүй үүрийг сонгож, үүрлэнэ.
![]() Амарын шонхорын амьдрах нутаг |
6, 7-р сард голын хөндий, ойн чөлөө дагаж, наран шингэхээс өмнө, хэдэн арван амарын шонхорууд ангуучлан нисэх нь гайхамшигтай. Судалгааны үр дүнгүүдийг боловсруулж, олон улсын хурал, эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүллэг хамтран хэвлүүлэхээр ажиллаж байна. Бидний хамтарсан судалгааны ажил цаашид үргэлжилж, энэхүү вэбхуудас дахин шинэчлэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байна.