МОНГОЛЫН НVVДЛИЙН ШУВУУДЫН СУДАЛГАА 

     Японы Шувуу Судлалын Yamashina Хүрээлэнгийн шувууны нүүдэл судлалын төвийн захирал ноён Kiyoaki Ozaki 2001 оны намар тус лабораторийн судлаач С.Гомбобаатар ба Монголын Шинжлэх Ухааны Академийн шувуу судлаач Н.Цэвээнмядаг нарт хамтран ажиллах санал тавьжээ. Дараа нь ноён Kiyoaki Ozaki Монголд айлчилж хоёр орны шувуу судлаачидтай уулзаж, Онон голын ай сав дахь бор шувууны багийн зарим шувуудыг бөгжлөх үйл ажиллагаанд судлаач Н.Цэвээнмядаг, С.Гомбобаатар нарын хамт оролцов. Ноён Ozaki-ийн урилгаар 2001 онд судлаач С.Гомбобаатар, Н.Цэвээнмядаг нар Япон улсад зохиогдсон шувуу бөгжлөх хээрийн сургалтанд оролцжээ. Тэд энэ сургалтаас бор шувууны багийн шувуудыг бөгжлөх үйл явц, махчин болон усны шувуудыг барих арга, мөн бусад зүйлийн шувуудын нас, хүйсийг тодорхойлох зэрэг аргуудтай танилцаж, мэргэжлээ дээшлүүлэв. Бидний Японд байхад тусалж,  дэмжсэн ноён Ozaki болон японы бусад мэргэжил нэгт нөхөддөө талархал илэрхийлэе. Монголд ирсний дараа С.Гомбобаатар болон түүний мэргэжил нэгт нөхөд Монголд шинээр шувуу судлалын төв байгуулах талаар зөвлөлдөн энэ хүсэлтээ Монголын Байгаль Орчны Яаманд илэрхийлсэн байна.   

Японы Шувуу бегжлелийн тевд ажиллаж буй С.Гомбобаатар, Н.Цэвээнмядаг болон бусад судлаачид

Монгол Японы шувуу судлаачдын хамтран 2002 онд Монголд явуулсан Цэн тогорууны нүүдлийг судлах үйл ажиллагааг Японы Шувуу судлалын Yamashina инстстутээс санхүүжүүлэв. Энэ судалгааг Онон, Улз голын ай сав дахь Цэн тогорууны 3-н бодгальд сансарын дамжуулагч төхөөрөмж болох телеметрийг байрлуулжээ. Судалгааны багт Японы талаас ноён K.Ozaki, Momosu, Монголын талаас судлаач С.Гомбобаатар, Н.Цэвээнмядаг,  жолооч Батцэрэн хамтран оролцов. Бидний судалгааны үр дүнгээр Монгол орны цэн тогорууны залуу шувууд Хятадын Поянг нуур хүрч өвөлждөг, мөн үржлийн нутагтаа дараа хавар нь эргэж ирдэг болох нь тодорхой боллоо. Судалгаанд хамрагдсан бусад хоёр шувууны сансарын дамжуулагч үл мэдэгдэх шалтгаанаар бүрэн ажилласангүй тул тэднээс хангалттай мэдээлэл хүлээн авсангүй. МУИС-ийн шувуу судлалын лаборатори, Японы Шувуу судлалын Yamashina хүрээлэн, Монголын Шинжлэх Ухааны Академийн хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт бид итгэж байна. 

Homehttp://www.num.edu.mn/ornithology/. Email: mongolianbirds@mail.com