Бидний тухай / Тоо баримт / Түгээмэл асуултууд
Түгээмэл асуултууд
Оюутны үнэмлэх
Нэгдүгээр ангид элсэж орж байгаа суралцагч нарын оюутны цахим үнэмлэхийг элсэлтийн тушаал гарсны дараа хэвлэгдэж тараагдана.
Өөрийн цахим үнэмлэхээ гээгдүүлсэн, гэмтээсэн бол МУИС-ийн төвлөрсөн сангийн данс буюу Голомт банкны 1102927741 дансанд 6000 төгрөгийг шилжүүлж (гүйлгээний утга дээр өөрийн суралцаж буй салбар сургууль, хөтөлбөр, овог нэр, оюутны дугаар, утасны дугаараа бичих) тухайн гүйлгээний баримтаа хэвлэн Багш, оюутны хөгжлийн төв байрны 306 тоотод өгч үнэмлэхээ дахин авах боломжтой. Баримт өгсөн тохиолдолд ажлын нэг өдөрт олгодог.
Оюутны автобусны хөнгөлөлтийн эрхтэй картын захиалгыг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор захиална. E-Mongolia платформоор зөвхөн дэд бакалавр/дипломын/, бакалаврын өдрийн ангид шинээр элсэн суралцагчид болон анх удаа тус картыг авах гэж байгаа тохиолдолд цахимаар захиалах боломжтой. Энэхүү шаардлага хангасан оюутнууд E-Mongolia гар утасны аппликэйшн болон www.e-mongolia.mn порталаар нэвтэрч “Оюутны автобусны карт захиалах” үйлчилгээг сонгон картаа захиалах юм. Оюутны мэдээлэл бүртгэгдээгүй тохиолдолд өөрийн суралцаж буй салбар сургуулийн бүртгэл хариуцсан мэргэжилтэнд очиж хандана уу.
Автобусны хөнгөлөлттэй картыг өмнө нь авч байсан оюутан дахин захиалахдаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандах шаардлагатай. Хөнгөлөлттэй картын хугацаа дууссан оюутнууд Umoney карт борлуулах, цэнэглэх гэрээт цэгүүд болон их, дээд сургуулиудад ажиллах явуулын цэг дээр очиж картаа идэвхжүүлэх болон сунгуулах боломжтой.